Friday, February 1, 2013

Хааис-ийн тӨгсӨлтийн шалгалтын журам



Ректорын 20   оны    дүгээр сарын   -ны
өдрийн . . . тоот тушаалын хавсралт
Хааис-ийн  тӨгсӨлтийн шалгалтын журам
Нэг. Ерөнхий зүйл
1.1.        Монгол улсын Боловсрол, соёл,  шинжлэх ухааны сайдын  1997 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 59 тоот тушаалаар баталсан  “Дээд боловсролын төгсөлтийн шалгалтын үлгэрчилсэн журам” мөн 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 480 тоот тушаалаар батлагдсан “Дээд боловсролын диплом олгох журам” болон энэхүү  журмыг   баримтлан  ХААИС-ийн төгсөлтийн шалгалтыг  зохион байгуулна.
1.2.        Энэ журмаар дипломын болон бакалаврын шатны төгсөгчдөд тавих шаардлага,  төгсөлтийн шалгалтын бэлтгэл, комисс, түүний эрх, үүрэг, хариуцлагатай холбогдсон асуудлыг  зохицуулна.
Хоёр. Төгсөгчдөд  тавигдах шаардлага,
 шалгалтын бэлтгэл
2.1.           Бакалаврын шатны суралцагч нь “ХААИС-ийн оюутны мэдлэг, чадварыг        дүгнэх журам”, “ХААИС-ийн бакалаврын сургалтын журам”-ын холбогдох заалтуудыг бүрэн биелүүлж төгсөх оюутны болзол хангасан тохиолдолд мэргэжлийн суурь хичээлийн төгсөлтийн шалгалт өгнө.
2.2.           Журмын 2.1 дүгээр заалтыг хангасан төгсөлтийн шалгалт өгөх оюутны нэрсийг “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд Ректорын тушаалаар баталгаажуулна. Тушаалд нэр ороогүй оюутнаас мэргэжлийн суурь хичээлийн төгсөлтийн шалгалт авахыг  хориглоно.
2.3.           Бакалаврын зэрэг горилогч нь мэргэжлийн суурь, мэргэшүүлэх чиглэлээр тус бүр нэг төгсөлтийн шалгалт эсвэл мэргэжлийн суурь шалгалт өгч төгсөлтийн ажил бичиж болно.
2.4.           Төгсөлтийн шалгалтын бүрэлдэхүүнд оруулах хичээлийн нэрс, агуулгыг мэргэжлийн тэнхим хэлэлцэж, сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар   баталгаажуулан шалгалт авахаас 2 сарын өмнө оюутанд мэдээлнэ.
2.5.           Мэргэжлийн суурь хичээлийн улсын шалгалтыг 4,6 дугаар улирлын эцэст,  мэргэшүүлэх хичээлийн төгсөлтийн шалгалтыг 8, 10 дугаар улирлын эцэст тус тус авна.
2.6.           Төгсөгч оюутан нь төгсөлтийн ажил бичиж болно. Дараах ерөнхий шаардлага тавигдана.
·         Сурлагын голч дүн 3.0-оос доошгүй
·         Судалгаа, шинжилгээний ажилд зохих арга зүй эзэмшиж эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьсан
2.7.           Төгсөлтийн ажил бичих сэдвийн жагсаалтыг тэнхим бүр хичээлийн жилийн  эхэнд гарган ил тод байлгаж оюутнуудад сонгох бололцоо олгоно.
2.8.           Төгсөлтийн ажил бичиж төгсөх оюутанд тавих шаардлага, нөхцлийг тухайн сургууль  өөрийн онцлогтой нийцүүлэн дээр зааснаас илүү тогтоож болно.
2.9.           Оюутны төгсөлтийн ажлын удирдагч багш нь төгсөлтийн ажлыг гүйцэтгэх арга зүй, төлөвлөгөө боловсруулах, туршилтын болон лабораторийн  судалгааны арга барил эзэмшүүлэх, тооцоо болон зураглал үйлдэх, ажлаа  цэгцлэн бичихэд туслах үүрэг хүлээнэ.
2.10.        Төгсөлтийн ажлын сэдэв, удирдагч, гүйцэтгэгчийг 7,9 дугаар улиралд багтаан бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна.
2.11.        Оюутны төгсөлтийн ажлын урьдчилсан хамгаалалтыг төгсөлтийн шалгалт авахаас 1 сарын өмнө тэнхимд хийлгэж,  шаардлага хангаагүй гэж үзвэл мэргэшүүлэх хичээлийн төгсөлтийн  шалгалтанд оруулна.
2.12.        Мэргэшүүлэх хичээлийн төгсөлтийн шалгалтанд “ХААИС-ийн бакалаврын сургалтын журам”-ын 5.2 дугаар заалтыг бүрэн хангасан төгсөгч оюутан орно.

Гурав.  Төгсөлтийн шалгалтын комисс ,
түүний  үйл ажиллагаа
3.1.            Төгсөлтийн шалгалтын төв ба мэргэжлийн салбар комиссыг сургалтын  бодлого зохицуулалтын алба, бүрэлдэхүүний сургуулиудын саналыг  үндэслэн ХААИС-ийн  ректорын тушаалаар шалгалт эхлэхээс 2 сарын өмнө томилно.
3.2.            Төгсөлтийн  шалгалтын  салбар комисс нь дарга, орлогч  дарга,  нарийн  бичгийн даргыг оролцуулаад  12  хүртэл  хүний  бүрэлдэхүүнтэй  байна.
3.3.            Комиссын гишүүдийн бүрэлдэхүүнд  мэргэжлийн тэргүүлэх  профессор  багш  нар ба хөндлөнгийн хяналт тавих үүрэгтэй 3 хүртэл эрдэм шинжилгээний болон төрийн захиргааны төв байгууллагын удирдах ажилтан, мэргэжилтэн, эрдэмтэдийг  оролцуулсан байна.
3.4.            Салбар комиссын гишүүдийн гуравны хоёроос доошгүй ирцтэй үед төгсөлтийн шалгалт авах, ажил  хамгаалуулахыг  зөвшөөрнө. Салбар комиссын гишүүдийн ирцийг салбар комиссын нарийн бичгийн дарга ирсэн, явсан цагаар нь бүртгэнэ.
3.5.            Төгсөлтийн шалгалт болон хамгаалалтын үйл ажиллагааг салбар комиссын   дарга, түүний эзгүйд орлогч дарга удирдан зохион байгуулна.
3.6.            Төгсөлтийн шалгалт, хамгаалалтын явцад комиссын гишүүн бүр хувийн үнэлгээг оюутан бүрээр гаргаж, ерөнхий үнэлгээг комиссын гишүүдийн дүнгийн дундажаар тооцож, дүнг хаалттай хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
3.7.            Салбар комиссын нарийн бичгийн дарга шалгалтын байр бэлтгэх, шалгалт авах өдөр, цагийг комиссын гишүүдэд тухай бүр мэдээлж байх, төгсөлттэй холбоотой бүх баримт бичгийг зохих журам, стандартын дагуу нямбай хөтлөн цэгцлэх, шалгалтын нууцлалыг хадгалах үүрэгтэй  байх бөгөөд харин шалгуулагч оюутанд үнэлгээ өгөхгүй.
3.8.            Салбар комиссын нарийн бичгийн дарга төгсөх оюутны дипломын хавсралтын төслийг 4, 6, 8, 10 дугаар улирлын шалгалт дууссаны дараа “Сургалтын албаны программ”-аас хэвлэж, сурлагын дэвтэр, дүнгийн хуудастай тулгаж Сургалтын бодлого зохицуулалтын албанд хянуулан “Төгсөлтийн шалгалтанд орох оюутны нэрсийг батлах тухай” ХААИС-ийн ректорын тушаалыг гаргуулна.
3.9.            “Төгсөлтийн шалгалтанд орох оюутны нэрсийг батлах тухай” ХААИС-ийн ректорын тушаалыг гаргуулахад дараахь бичиг баримтыг бүрдүүлж Сургалтын бодлого зохицуулалтын албанд хянуулна. Үүнд:
·         төгсөх оюутнуудын сургуульд элссэн ректорын тушаал
·         шилжиж ирсэн бол шилжилт хөдөлгөөний тушаал
·         сурлагын дэвтэр
·         дүнгийн хавсралт
·         төгсөлтийн шалгалтанд оруулах тухай бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаал
3.10.         Төгсөлтийн шалгалт авах, ажил хамгаалах хуваарийг салбар комиссын нарийн бичгийн дарга боловсруулж, сургуулийн захирал батлана.
3.11.         Салбар комиссын нарийн бичгийн дарга салбар комиссын тогтоол,  дүнгийн хуудсыг загвар, журмын дагуу хөтөлж, тухай бүр гишүүдийн гарын  үсэг зуруулж баталгаажуулна.
3.12.         Салбар комиссын тогтоолыг үндэслэн “Төгсөгчдөд боловсролын зэрэг, мэргэжлийн диплом олгох тухай” тушаалын төслийг Сургалтын бодлого зохицуулалтын албаар хянуулан баталгаажуулж Ректорын тушаал гаргуулна.  Тушаалын хавсралтанд оюутны овог, нэр, хүйс, регистр, дипломын болон бүртгэлийн дугаарыг тусгасан байна.
3.13.         Салбар комиссын нарийн бичгийн дарга шалгалт дууссаны дараа дэлгэрэнгүй болон хураангуйлсан тайлан бичнэ. Дэлгэрэнгүй тайланг архивт, хураангуйлсан тайланг бүрэлдэхүүний сургууль, Сургалтын бодлого  зохицуулалтын албанд хүлээлгэн өгнө.
3.14.         Төгсөлтийн салбар комиссын архивт хадгалах дэлгэрэнгүй тайланд  дараах  материалыг  бүрдүүлж  хавсаргасан  байна. Үүнд:
-          “Салбар комисс томилсон тухай” Ректорын тушаал
-          “Төгсөлтийн шалгалтанд орох оюутны нэрсийг батлах тухай” болон “Төгсөгчдөд боловсролын зэрэг, мэргэжлийн диплом олгох тухай” Ректорын тушаалууд
-          Төгсөгч оюутны  диплом, хавсралтын хуулбар
-          Төгсөлтийн шалгалт авсан тухай тогтоол, дүнгийн  хуудас
-          Шалгалттай холбогдон гарсан зарим протокол
-          Мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг хүлээлгэн өгсөн тухай баримт
-          Оюутны товч анкет
-          Тойрох  хуудас
-          Сурлагын дэвтэр
-          Төгсөлтийн шалгалтын товч тайлан

Дөрөв. Төгсөлтийн   шалгалт авах
4.1.            Төгсөлтийн шалгалтыг аман, бичгийн хэлбэрээр авч болно.
4.2.            Төгсөлтийн шалгалтанд орсон оюутны мэдлэг чадварыг 100 оноогоор үнэлж,  А, В, С, D, F  гэсэн  үсгэн дүнд  шилжүүлэн  гаргана.
4.3.            Салбар комиссын нарийн бичгийн дарга төгсөлтийн шалгалт /ажил/-ын дүнг нэгдсэн тогтоолын хуудас болон оюутны сурлагын дэвтэрт үнэн зөв бичиж тэмдэглэнэ.
4.4.            Мэргэжлийн суурь хичээлийн улсын шалгалтанд F үнэлгээ авсан болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалтанд ороогүй тохиолдолд анги дэвшүүлэн суралцуулахгүй.
4.5.            Төгсөлтийн шалгалтанд F үнэлгээ авсан оюутан тухайн шалгалтыг дараагийн хичээлийн жилийн төгсөлтийн шалгалтын хугацаанд дахин өгөх эрхтэй.
4.6.            Хүндэтгэн үзэх шалтгаанаар төгсөлтийн шалгалтаас хоцорсон оюутан салбар  комиссын шийдвэрээр дараагийн хэсэг, бүлэгтэй хамт нөхөн өгч болно.
4.7.            Төгсөлтийн шалгалтанд орох эрх авсан оюутан хүндэтгэн үзэх шалтгаанаар  шалгалтаа өгч чадахгүйд хүрвэл энэ тухай комисст өргөдөл гаргана. Уг өргөдлийг комисс хэлэлцэж шийдвэр гаргах бөгөөд энэ талаар протокол үйлдэж тайланд хавсаргана. Тэр үеийн комиссын шийдвэрийг үндэслэн дараа  жилийн  шалгалтанд  оруулна. Энэ  эрх  гурван жилийн хугацаанд хүчинтэй байна.
4.8.            Төгсөлтийн ажилд өгөх үнэлгээ нь удирдагч багшийн болон комиссын  үнэлгээнээс тогтоно. Төгсөлтийн ажилд өгөх үнэлгээний дээд оноо нь тэнхим,  удирдагч  багшийнх 30, комиссынх 70 хувь байна. Комиссын зүгээс төгсөлтийн ажлын онол, арга зүйн төвшинг 20, практик ач холбогдолыг 20, бичилт, илтгэх ур  чадварыг 20, асуулт, хариултын байдлыг 10 хүртэл оноогоор тус тус дүгнэж,  тухайн ажилд өгөх үнэлгээний нийт дүнг гаргана.

Тав. Төгсөлтийн  баримт бичиг захиалах, олгох
5.1.            Бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба тухайн жилд төгсөх оюутны дипломын захиалгыг “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд Сургалтын бодлого зохицуулалтын албанд өгнө.
5.2.            Сургалтын  хөтөлбөрийн  шаардлагыг  бүрэн  хангаж,  төгсөлтийн  шалгалтаа  амжилттай өгсөн оюутанд төгсөлтийн шалгалтын комиссын шийдвэрийг  үндэслэн мэргэжил, боловсролын зэрэг хүртээж, түүнийг гэрчлэх диплом,  энгэрийн тэмдгийг ректорын тушаалаар  олгоно.
5.3.            Диплом нь Монгол  улсын  БСШУЯ-наас  өгсөн дугаар,  ХААИС-ийн дугаартай байх ба ХААИС-ийн удирдах зөвлөлийн дарга, ХААИС-ийн ректор, төгсөлтийн шалгалтын төв комиссын дарга, бүрэлдэхүүний сургуулийн захирлын гарын  үсэг, тамгаар  баталгаажсан  байна.
5.4.            Батлагдсан мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний хичээлийн дарааллыг баримтлан дипломын хавсралтыг монгол хэл, уйгаржин монгол бичиг, англи хэлээр хэвлэнэ. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй хичээлийг дипломын хавсралтанд оруулахгүй.
5.5.            Дипломын хавсралтанд оюутны овог, нэр, регистр, мэргэжлийн нэр, индекс, олгож буй боловсролын зэрэг, суралцах хугацаанд  судалсан  хичээлүүдийн нэр, кредит, сурлагын рейтинг, голч дүнг тусгасан байх  бөгөөд ХААИС-ийн  ректор, бүрэлдэхүүний сургуулийн захирал, сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, нарын гарын үсэг, сургуулийн тэмдгээр  баталгаажсан  байна.
5.6.            “Төгсөгчдөд боловсролын зэрэг, мэргэжлийн диплом олгох тухай” Ректорын тушаалыг танилцуулж, диплом, энгэрийн тэмдэг гардуулах ажлыг  бүрэлдэхүүний сургуулийн захирал удирдан зохион байгуулна.
Зургаа. Хариуцлага
6.1.            Төгсөлтийн шалгалтын дүнтэй холбоотой гомдлыг дүнг танилцуулсны дараа 30 минутын дотор төгсөлтийн шалгалтын комиссын нарийн бичгийн дарга хүлээн авч комисст танилцуулна.
6.2.            Төгсөлтийн шалгалтын дүнтэй холбоотой эцсийн шийдвэрийг төгсөлтийн шалгалтын салбар комисс бүрэн бүрэлдэхүүнээр гаргана.
6.3.            Төгсөгчдийн диплом, хавсралтанд оюутны овог, нэр, регистр, мэргэжлийн нэр, индекс, төгсөлтийн ажлын сэдэв, төгсөлтийн шалгалтын нэр болон хичээлийн дүнг буруу бичсэн салбар комиссын нарийн бичгийн дарга диплом, хавсралтын үнэт цаасны үнийг төлөх буюу төгсөлтийн шалгалтын төв комисст албан ёсны залруулга хийнэ.
6.4.            Төгсөлтийн шалгалтын тайланг “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй Салбар комиссын нарийн бичгийн даргад “ХААИС-ийн дотоод журам”-ын дагуу хариуцлага тооцно.
6.5.            Энэхүү журмыг мөрдөж ажиллаагүй салбар комиссын даргад холбогдох хууль, дүрэм, журмын дагуу хариуцлага тооцно.



No comments:

Post a Comment