Tuesday, April 2, 2013

”Ойн аж ахуйн инженер” мэргэжлийн онцлог



Ойн аж ахуйн инженер” /D621100/ мэргэжлийн ангийг Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд 2000 онд шинээр нээж, 2004 онд анхны төгсөлт хийснээр энэ мэргэжлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Энэхүү хөтөлбөрөөр бэлтгэсэн мэргэжилтэн нь ойн аж ахуйн үйлдвэрлэлийн ажлыг удирдан зохион байгуулах, ойн үйлдвэрлэлийн технологийг гүйцэтгэх асуудлыг бие даан боловсруулж, шийдвэрлэх чадварыг эзэмшсэн байх учир орчин үед эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн нэг болж байгаа юм.
Ойн аж ахуйн инженер мэргэжилтэн нь ойн аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, сургалт, эрдэм шинжилгээ, дотоод гадаадын мэргэжлийн төсөл, хөтөлбөрийн талаар бүрэн мэдээлэл авсан, зах зээлийн нөхцөлд зохицуулан үйлдвэрлэл явуулах, түүнийг бие даан төлөвлөх, удирдах, хяналт тавих мэдлэг чадварыг эзэмшсэн байдаг тул БОНХЯ,ҮХААЯ, ШУА-ийн Ботаникийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, хот, аймгийн ойн аж ахуй, тэдгээрийн сумын ба сум дундын ойн анги, ойн нөхөрлөлд мэргэжилтэн, улсын ба орон нутгийн ойн байцаагч, шинжээч, менежер, захирал, эзэн, ажилтан зэрэг албан тушаалын ажил эрхлэхийн зэрэгцээ өөр бусад салбарт мэргэжлээрээ хөрвөн ажилладаг юм.
Ойн аж ахуйн инженер мэргэжлийн боловсролыг эзэмшсэн төгсөгчид нь байгаль орчин болон ойг нөхөн сэргээх, ойжуулах, цэцэрлэгжүүлэх, “Ногоон хэрэм” байгуулах, хөдөөг хөгжүүлэх,  мэргэжлийн болон боловсрол, соёлын үйлчилгээ үзүүлэхэд зохих хувь нэмэр оруулж байна.


1.    Ойн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн мэргэжилтэнд тавих шаардлага, мэргэжлийн тодорхойлолт

Мэргэжилтний мэдлэг
Ойн аж ахуйн талаар бүрэн мэдээлэл авсан, зах зээлийн нөхцөлд зохицуулан үйлдвэрлэл явуулах мэдлэг эзэмшүүлнэ.

Чадвар

Ойн аж ахуйн ажил үйлчилгээг бие даан төлөвлөх, удирдах , хяналт тавих чадвартай болно.

Дадал

Ойн аж ахуйн ажлыг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн явуулах, үйлдвэрлэлийн технологийн мөрдөлтөнд хяналт тавих, технологийн график гаргах, санхүүгийн оновчтой  менежмент явуулах  дадал эзэмшинэ.

Эзэмшвэл зохих онолууд
Мэдээллийн технологи-систем,эдийн засгийн онолын үндэс, ой судлал, ойн аж ахуй, мод үржүүлэг, ойжуулалт, ойн аж ахуйн механикжуулалт, ой зохион байгуулалт, таксаци, ой ашиглалт, ойн бүтээгдэхүүн судлал, ойн экологи, ойн амьтан, шувуу зэрэг болно.
Монгол улсын хэмжээнд судлавал зохих баримт бичгүүд
Ойн аж ахуйг хөгжүүлэх үндсэн чиглэл, засгийн газрын “Ойн тухай үндэсний хөтөлбөр”, “Ногоон хэрэм” хөтөлбөр, БО-ны багц хууль түүнийг хэрэгжүүлэх баримт бичиг, ойн тухай хууль, газрын хууль, ойн  эрх зүйн бусад баримт бичиг  зэрэг болно.
Олон улсын хэмжээнд мөрдөгддөг судлавал зохих баримт бичиг
Дэлхийн ойн тухай олон улсын конвенци, олон улсын ойн конгресс ба бусад баримт бичгүүд,
Бүтээлч сэтгэлгээ
Ойн аж ахуйг тухайн нөхцөл байдалд тохируулан шинэчлэх, өөрчлөх, хэрэгжүүлэх мэргэжлийн сэтгэлгээ төлөвшсөн
Харилцааны соёлын түвшин
Мэргэжлийн ёс зүйг чандлан сахиж, олон түмнийг манлайлах, мэргэжлийн чиглэлээр хамтран ажиллах, харилцааны өндөр соёлтой байх
Оюуны чадавхи
Ойн аж ахуйг мод бут сөөгний биологид нийцүүлэн зөв хэрэглэх,  үйлдвэрлэлийг эрсдэлгүйгээр зохион байгуулах оюуны чадавхитай байх
Гадаад хэлний мэдлэг
Гадаадын 1-2 хэлээр мэргэжлийн чиглэлийн мэдээллийг бүрэн авч ашиглаж чаддаг, тодорхой хүрээнд өөрийн ажлаа тухайн хэлээр танилцуулах чадвартай,  дэлхийн нийтлэг нэг хэлээр мэргэжлийн ном ашиглах төвшинд хүрсэн

1 comment:

  1. Үнэхээр сайхан мэргэжил шүү. Одоо нэг л зүйл дутуу байгаан оюунтан бүрийн идэвхи зүтгэл, сурах хүслийг дэвэргээж өгөх хэтийн бодлогын талаар ерөнхий ойлголт, ирээдүйд дэхь энэ мэргэжлийн чиг үүрэг, хүлээгдэж буй боломжуудыг тодотгох, түүнчлэн мэргэжил суртачилах үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулах зэрэг нь чухал ажлууд болов уу?

    ReplyDelete