Saturday, May 11, 2013

Алим, чавга, интоор, бөөрөлзгөнө, гүзээлзгэнийг дотооддоо тарихаар боллоо

-ЖИМСНИЙ АЖ АХУЙ ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГУУДАД 30-100 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО-

Эх орныхоо хөрсөнд ургуулсан улаан буудай, төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг Мон­голын тариаланч, ногоочид энэ жилээс жимс жимсгэнийн
төрлийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Ин­гэхдээ өнөө жилээс эхлэн хүнсний ногоогоо 100 хувь эх орных болгох, жимс жимсгэнийн ургац, нэр төр­лийг олшруулж, алим, гүзээлзгэнэ, интоор, чавга, бөөрөлзгөнийг тари­хаар болжээ. Энэ ажилд ҮХААЯ, ХААИС-ийн Агробиологийн сур­гууль, Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Монголын Хү­лэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо анхаарал хандуулж эхэл­лээ. Жимс жимсгэнийг ингэж ол­ноор нь Монголдоо тарих болсон­той холбогдуулж, дээрх нэр дурд­сан байгууллагууд БНСУ-ын Кён­санбүг аймгийн ХАА-н технологийн хү­рээлэнтэй хамтарч өчигдөр "Гүзээлзгэнэ тариалах агротехник" нэртэй сургалтыг зохион байгуул­сан юм. Сургалтад жимс, жимсгэнэ тарих аж ахуйн нэгж болон хувь хүмүүс хамрагдсан юм.  Дуулгахад, жимсийг тарьж, бүтээгдэхүүн үйлд­вэрлэх үйлдвэрлэгчдэд ҮХААЯ дэмжлэг үзүүлэхээр төслийн сон­гон шалгаруулалт зарлаад байна. Энэ талаар ҮХААЯ-ны Газар та­риалангийн бодлогын хэрэгжил­тийг зохицуулах газрын жимс жимс­гэнэ хамгаалагдсан хөрсний үйлд­вэрлэл хариуцсан мэргэжилтэн Ж.Төмөрхуягтай ярилцлаа.

-Монголд ургах боломжтой жимсний нэр төрлийг олшруулах  ажлыг ҮХААЯ явуулж эхэлжээ. Чухам ямар жимс жимсгэнийг тарьж ургуулахаар болоод байгаа вэ?

-Энэ жил жимс жимс­гэнийн салбарын хөгжлийн хувьд онцгой жил гэж үзэж байгаа. Мон­голд ургах боломжтой төрөл бү­рийн жимс байдаг. Үүний дотроос алим, чавга, интоор, бөөрөлзгөнө, үхрийн нүд, гүзээлзгэнэ зэрэг ургах боломжтой жимс жимсгэнээ до­тооддоо ургуулдаг болоход бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх чиглэлийг ҮХААЯ-наас баримталж ажиллаж байна. Ер нь жимс жимс­гэнийн тариалалт, үйлдвэрлэл 2010 онд "Чацаргана" үндэсний хөтөлбөр батлагдан гарч, хэрэгж­сэнээс хойш  нэмэгдэж байгаа. Анх 1500 га-д  жимс жимгэнэ тарьсан бол  2012 оны байдлаар тариал­сан талбай маань 4500 га-д хүрсэн. Хураах ургац  гэхэд 300-400 тн байснаа нэмэгдэж, 1000 тн жимс хурааж авдаг болсон. Гэхдээ энэ маань хоёр чиглэлийн дутагдалтай байгаа. Хураан авч байгаа ургац 1000 тн байна гэдэг чамлалттай тоо юм. Харин жимс жимсгэнийн до­тоо­­дын нийт хэрэгцээг хангаж байна уу гэвэл, 0,5 хувийг л ханга­даг. Нөгөө талаар, нийт тариалж бай­гаа жимсний төрлийн хувьд 4500 га-гийн 90 хувь нь чацаргана, 10 хүрэхгүй хувь нь бусад жимс бай­даг. Голцуу үхрийн нүд болон бусад жимс эзэлж байгаа. Тэгэхээр ҮХААЯ-наас баримталж байгаа гол бодлого гэвэл, Монголын хаана ч тариалах боломжтой, ургуулах арга технологи нь баталгаажсан жимс жимсгэнийн тариалалтыг нэмэг­дүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлуудыг хийж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд ҮХААЯ өнөө жил дөрвөн үндсэн чиглэлээр арга хэмжээ авч хэрэг­жүүлж байгаа. Нэгдүгээрт, энэ жил нийтдээ 770 мянган ширхэг  чацар­ганын суулгацыг тендер зарлан дотоодын үржүүлэгчдээс худалдаж авсан. Худалдаж авснаа чацарга­на тариалах сонирхолтой бүх аймаг, нийслэлийн хүмүүст төсөл шалгаруулж, зээлээр олгох ажлыг зохион байгуулж байна. Суулгац худалдан авах гэрээгээ хийсэн, хүмүүстээ суулгацаа хуваарилж байгаа.

-Чацарганын суулгац авах зээлийг аж ахуйн нэгж, иргэдэд ямар хугацаатайгаар олгож байгаа вэ?

-Таван жилийн хугацаатай, хүүгүй зээлээр чацарганын суулга­цыг олгож, тариалуулах ажлыг эхлүүлээд явж байна. 

-Гүзээлзгэнэ тарьж ургуулъя гэсэн ч суулгац нь тэр бүр олддоггүй гэж сонссонЭнэ тал дээр ямар бодлого барьж ажил­лаж байгаа вэ?

-Энэ жил 60,000 ширхэг гүзээлз­гэнийн суулгацыг тендер зарлаж, худалдан авч байгаа. Суулгацаа  мөн л гүзээлзгэнэ тариалах сонир­холтой, гүзээлгэнийн аж ахуй бай­гуулах чиглэлээр төсөл сонгон, шалгаруулаад гүзээлзгэнийн үр­сэл­­гээг тариалах хүлэмжтэй нь хамт аж ахуй байгууллага, хүмүүст  Нийс­лэлийн ХАА-н газар төсөл шал­гаруулаад таван жилийн хуга­цаа­тай зээл олгох ажлыг зохион бай­гуулж байгаа. Энэ ажилтай хол­богдуулаад бид гүзээлзгэнэ та­риалах хүсэл, сонирхолтой хүмүү­сийг энэ талын сургалтад хамруулж байна. Тухайлбал, өчигдөр гэхэд ХААИС дээр   ҮХААЯ, ХААИС-ийн Агробиологийн сургууль, Нийслэ­лийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Монголын Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо, БНСУ-ын Кёнсанбүг аймгийн ХАА-н технологийн хүрээлэнтэй хамт­раад Монгол оронд гүзээлгэнэ тарьж, ургуулах арга технологийн сургалтыг зохион байгууллаа.

-Манай улсын хувьд  жимс жимсгэнийн тариалалт хангалт­гүйд тооцогддог. Үүний шалт­гаан юу вэ. Ер нь жимсний тариа­лалтыг  яаж нэмэгдүүлэх вэ?  

-Ер нь жимс жимсгэнийн тариа­лалт төдийлөн нэмэгдэхгүй байгаа нь үнэн. Гол шалтгаан нь бусад алим, чавга, интоор, бөөрөлз­гөнийн  суулгацуудыг тариалах хүсэлтэй иргэд суулгацаа худалдан авъя гэхээр Монголд үйлдвэрлэсэн суулгац бэлэн байдаггүй. Тиймээс тариалалт нэмэгдэхгүй байгаад нөлөөлж буй юм. Энэ тал дээр анхаарал хандуулж, Монголд ургах боломжтой жимс, жимсгэнийн суул­­гац үржүүлэх плантаци байгуу­лах төсөл сонгон шалгаруулалтыг ч энэ жил зарласан. Төсөл сонгон шал­гаруулалтыг суулгац үржүүлдэг мэргэжлийн байгууллагуудын хүрээнд зарлаад байна.  Уг ажлын хүрээнд нийтдээ 750 сая төгрөгийн зээлийг найман аж ахуйн нэгж, байгууллагад олгож байгаа. Энэ төслийг хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжүүд цаашид Монголд ургах боломжтой алим, чавга, интоор, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, үхрийн нүд, чацарганын цэвэр сор­тын, гарал үүсэл нь баталгаажсан суулгацыг Монгол Улсад үржүүлэх боломжтой. Мөн  жимс тарих со­нир­холтой иргэд, аж ахуйн нэгжүү­дэд суулгац олгох ажлыг хийж гүйцэтгэх юм.

-Алим, гүзээлзгэнэ, интоор, чавга, чацарганабөөрөлзгөнийн аж ахуй байгуулах хүсэлтэй иргэдэд тусад нь хөнгөлөлттэй зээл олгож байгаа гэсэн. Зээлийн хэмжээ нь ямар байх вэ?

-Эдгээр дурдсан жимсний аж ахуй байгуулах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийг дэмжинэ. Хөнгөлөлт­тэй зээл олгох төсөл сонгон шал­гаруулалтыг ч нээлттэй зарласан байгаа. Зээлийн хугацаа нь таван жил, жилийн 2,4 хувийн хүүтэй. Энэ зээл дотроо хоёр шаттай. Нэг нь таван га хүртэлх талбайд жимс жимсгэнэ тариалах аж ахуйн нэг­жид дээд тал нь 30 сая төгрөг, таван га-гаас дээш хэмжээний талбайд жимсний аж ахуй байгуулах аж ахуйн нэгжид 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг олгох юм. Үүнээс гадна чацаргана болон жимсний модны хортон шавьжийг тогтоох, түүнтэй тэмцэх арга технологийг хэрэгжүүлэх, зөвлөх үйлчилгээний төслийг зарлаж байгаа. 

-Зээл олгох гол шалгуур нь юу байх вэ?

-Иргэн, аж ахуйн нэгж аль нь ч байж болно. Гол нь жимс, жимсгэнэ тариалах өөрийн эзэмшлийн га­зартай байх ёстой. Тухайн газраа жимс тарих бэлтгэлээ хангасан байхыг чухалчилж байгаа. Зээлийн зориулалт нь аж ахуй, байгуул­лагад шаардлагатай жимсний суулгац, жимсний талбайг хашаа­жуулах, усалгаажуулах, хортон, шавьжтай тэмцэх, хөрс боловс­руулах техник тоног төхөөрөмж худалдан авах зэрэг чиглэлийн арга хэмжээнд төслийн зээлийг  зарцуулахаар төлөвлөж, төсөл шалгаруулалтаа зарласан.  

-Иргэд, аж ахуйн нэгж энэ зээлийг ямар шат дамжлагаар авах вэ. Мөн ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой бол?

-Төслийн баримт бичгийг ҮХААЯ-ны 503 тоот өрөөнөөс авч, шаардлагатай мэдээллийг авч болно. Харин бүрдүүлсэн мате­риа­лаа ирэх зургадугаар сарын 3-ны өдрөөс өмнө мөн л ҮХААЯ-ны 503 тоотод төслийн ажилтанд өгөх ёстой. Төсөлд тавигдсан шаард­лагын дагуу хянаж үзээд, үнэлгээ хийж шалгаруулах юм.

-Ингэж явсаар зээл авч, жимс тарих хугацаа өнгөрчих юм биш үү? 

-Жимс жимсгэнийг заавал хавар тарьдаггүй.  Жимсний модны гол онцлог нь хавар, намар тарьж болдогоороо давуу.

-Дотооддоо жимс тарьж, ур­гуулах иргэд, аж ахуй нэгжийг бүх талаар нь дэмжиж хөнгө­лөлттэй зээл олгохоор болсон нь сайн хэрэг. Гэвч зээл олгох ажил банкинд очоод  гацаанд орж явсаар зун цаг өнгөрч, намартай золгодог жишээнүүд манайд цөөнгүй...

-Жимс, жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж  нийтдээ 5,7 тэрбум  төгрөг төсөвлөсөн байгаа. Манай төсөл шалгаруулалтын хувьд зориулалтын дагуу, хуга­цаандаа санхүүжилтийг авах байх. Иргэд, аж ахуйн нэгжид олгох зээл бол банкаар дамжихгүй. Тариа­ланг дэмжих сангаар дамжиж олгог­доно. Цаашид улсаас энэ салбарт дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа юм.
Ч.АННА

http://www.dnn.mn/publish/?user=dk65pd5mi363&vpage=1&vt=item

No comments:

Post a Comment