Wednesday, May 1, 2013

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ИХ СУРГУУЛЬД БАКАЛАВР, МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛНА

Сайн байцгаана уу?

Өвөрмонголын их сургуулиудад тэтгэлэгтэй суралцах сонгон шалгаруулалт зарлагдсан тул ХААИС-ийн 1, 2 дугаар курсын 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж буй 2013 оны 5 сарын 16-ны өдрийг дуустал Гадаад хамтын ажилллагааны албанд бүртгэнэ.

Бүртгүүлэхдээ: дүнгийн тодорхойлолт, цээж зураг, шалгалтын хураамж 5000 төгрөг авчирна.


Доорх зарлал болон холбоосноос дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. /http://www.meds.gov.mn/


Хүндэтгэсэн,
Г.Уянга
Гадаад хамтын ажиллагааны алба
ХААИС
Утас: 341153

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН
ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ИХ СУРГУУЛЬД
ОЮУТАН, МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛНА


Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2013-2014 оны хичээлийн жилд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын түвшингийн сургалтад 100 оюутан, мөн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистрантур, докторантурт 152 хүнийг ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулна. 
Суралцах мэргэжлийн чиглэлийг дараах хавсралтаас үзнэ үү. Үүнд:

·         Өвөр Монголын Их сургууль (60 KB) /бакалавр/,

·         Өвөр Монголын Үндэсний их сургууль (72 KB) /бакалавр/,

·         Өвөр Монголын Багшийн их сургууль (48.5 KB) /бакалавр/,

·         Өвөр Монголын Хөдөө аж ахуйн их сургууль (46.5 KB) /бакалавр/,

·         Өвөр Монголын Анагаах ухааны их сургууль (38 KB) /бакалавр/,

·         Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль (47 KB) /бакалавр/,

·         Өвөр Монголын Шинжлэх ухаан, технологийн их сургууль (58 KB) /бакалавр/,

·         Магистр, докторантантурт суралцах чиглэл (101.5 KB)

Нэг. Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдэд тавигдах шаардлага

1/ Бакалаврын сургалтад: Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа болон БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан 25 хүртэлх насны;

2/ Магистрантурт: бакалаврын зэрэгтэй, 2.8-аас доошгүй голч дүнтэй, 35 хүртэлх насны;

3/ Докторантурт: магистрын зэрэгтэй, 2.8-аас доошгүй голч дүнтэй, 40 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна.

Өмнө нь БНХАУ-ын Засгийн газар болон ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан бол дахин тэтгэлэг олгохгүй. Мөн өөр орны сонгон шалгаруулалтанд тэнцэж, тухайн орны Засгийн газарт материал нь хүргэгдсэн хүнийг сонгон шалгаруулалтанд оруулахгүй болно.

Хоёр. Бүртгэл

Монгол Улсад суралцагчид өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. МУИС, ШУТИС тус бүр 30 хүртэл, бусад их сургууль тус бүр 20 хүртэл, магадлан итгэмжлэгдсэн дээд сургууль, коллеж нь тус бүр 10 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, оюутан тус бүрийн 5000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын хэлтэст ирүүлнэ.

БНХАУ-д суралцаж буй бакалавр оюутан болон магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг 2013 оны 5 дугаар сарын 18,19-ний өдрийн 10.00-17.00 цагийн хооронд МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 179 дүгээр өрөөнд бүртгэнэ.

БНХАУ-д суралцаж буй бакалаврын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс нь иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бэлтгэл ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтыг эх хувиар,  магистрантур, докторантурт суралцах хүсэлтэй хүмүүс нь иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, ажил байдлын тодорхойлолт, дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (500-аас цөөнгүй үгээр бичнэ), эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалтыг авч ирж бүртгүүлнэ. Хураамж: бакалавр 5000 төгрөг, магистрант болон докторант 7000 төгрөг.

Гурав. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын боловсролын танхим, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулна.

Бакалавр оюутны сонгон шалгаруулалтын математикийн шалгалтыг 2013 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд тестийн хэлбэрээр зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй. Шалгалтад тэнцсэн хүмүүс ярилцлагад орно.

Магистрантур, докторантурт суралцахаар бүртгүүлсэн хүмүүсийн баримт бичигт үнэлэлт, дүгнэлт өгч шалгарсан хүмүүс мөн ярилцлагад орно.

Математикийн шалгалтын оноо болон ярилцлагад орохоор шалгарсан нийт хүмүүсийн нэрс, ярилцлагын цагийн хуваарийг 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамны гаднах самбар дээр зарлана. Ярилцлагыг 2013 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдрийн 9:30 цагаас МУИС-ийн 2 дугаар байранд зохион байгуулна. Өрөөний дугаарыг тухайн үед нь зарлана.

Дотоодын их, дээд сургууль, коллежийн оюутнууд ярилцлагад орохдоо иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар ангийн дүнгийн тодорхойлолт, БНХАУ-д хэлний бэлтгэл ангид суралцагч иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангийн сурлагын дүнгийн тодорхойлолт, мөн хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалт өгсөн бол гэрчилгээ зэрэг бичиг баримтаа эх хувиар нь авчирна.

Ярилцлагын дүнг харгалзан сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийг 2013 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны гаднах самбар дээр зарлана.

БНХАУ-ын ЭСЯ болон ӨМӨЗО-ны Боловсролын танхим сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, урилга ирүүлнэ. Урилга хүлээн авсан оюутан нь хүлээн авах талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэ шалгалтад тэнцсэн хүмүүс нь үндсэн сургалтад хамрагдана.


Замын зардлыг суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас санхүүжүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
ӨМӨЗО-НЫ АРДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОВСРОЛЫН ТАНХИМ

No comments:

Post a Comment