Энэ жил(2014) нийслэлийн хэмжээнд нийт 140
гаруй мянган оюутан суралцаж байна. Эдгээрээс 40-50 мянган оюутан хөдөө
орон нутгаас ирж суралцаж буй юм. Оюутан залуучуудын өмнө тэр дундаа
хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудын хувьд эрүүл мэндийн үйлчилгээ авахад
хүндрэлтэй байдаг. Өвдөж, хавдвал хаана, хэнд хандахаа мэддэггүй. Улсын
эмнэлэгт үзүүлье гэхэд Эрүүл мэндийн даатгалын дэвтэр байх
шаардлагатай. Хувийн эмнэлэгт үзүүлэхээр үнэ хөлсийг нь дийлэхгүй гээд
тэдний өмнө олон бэрхшээл бий.
Энэ бүхнийг шийдэхээр Швейцарын хөгжлийн
агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын хүн амын сангийн
санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол улсын засгийн газар, НҮБ-ын хүн амын
сан хамтран “Өсвөр үе, залууст эелтэй эрүүл мэндийн клиник”-ийг нээлээ.
Тус клиник Баянзүрх дүүрэгт байрлах
оюутны “А” хотхоны “Оюутны өргөө” I байрны нэг давхарт байрлаж байна.
Тус клиник нь зөвхөн тухайн дүүргийн оюутнууд гэж хязгаарлалгүй өсвөр
үеийнхэн нээлттэй үйлчлэх аж. Оюутнууд тус клиникээр үнэ төлбөргүй
шинэжилгээ хийлгэж, үйлчлүүлэхээс гадна, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнаас
зөвөлгөө авах боломжтой юм байна.

Д.ТҮВШИН



Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=55690
No comments:
Post a Comment